Гоорин Даш

Гоорин Даш

Засагт ханы долоон хөх чонын нэг Гоорин Даш. Ер Гоорин барилдаж, дуулж шалихгүй ч найр наадам, наргиа тоглоомонд дуртай, найрын дэргэдүүр буулгүй гарч тэсдэггүй байж. Түүнээсээ болоод баригдаж баларч явсан нь нэг бус.

Гоорин Даш

Засагт ханы долоон хөх чонын нэг Гоорин Даш.

Ер Гоорин барилдаж, дуулж шалихгүй ч найр наадам, наргиа тоглоомонд дуртай, найрын дэргэдүүр буулгүй гарч тэсдэггүй байж. Түүнээсээ болоод баригдаж баларч явсан нь нэг бус.

Гооногор өндөр, турьхан мэт харагдах ч барагтай хүнд бярдууламгүй шөрмөстэй, самбаа сүүхээтэй, зальжин овтой, ширүүн догшин эр.

Тэр нэг иймэрхүү хэдэр яриатай, эрс шулуун зантай билээ...

- Би бол уг язгуурын цэрэг хүн. Улсын өмнө нэг нүүртэй, унасан газраа нэг хүүртэй явж, цэргээрээ л дуусъя. Дайтаж тулалдахаас өөр амьдрал үгүй, сум исгэрсэн талбарт хийморь золбоо минь сэргэж, зүрх зориг хөөрөөд, илдээ хурайлан давхиж явахын бах юутай сайхан. Хонь хурга эргүүлж, орон гэр тордож, эхнэрийн гэзэгний үзүүрт, аяга ёроолдон амьдарна гэдэг цэрэг хүнд үхлээс хэцүү тавилан буюу. Одоо сонсохул Сэлэнгэд Өвөрмонголын Бяруу хот хүртэл хамт байлдан, хар цэргийг даралцаж явсан Мэнгэт захирагч цэрэг цуух сэмээр цуглуулж байгаа гэлээ. Манлайбаатар маань манлайлаад, Сумьяа бэйс дараалаад хөдөлбөл сэм намаар босох нь цөөнгүй. Тэдэнтэй л нийлье. Хар хятадыг хөөхийн өмнө чонотой нийлсэн нохой мэт монгол ноёдын учрыг олно. Толгойноосоо эхэлж цэвэрлэхгүй бол энэ зах хязгаар нутагт бид хэдэн шодрой, луухаантай тэрсэлдээд өөрсдийгөө л хайран золихоос хэтрэхгүй нь. Хар хятад хэзээ нэг барьж аваад, хавирганаас минь дүүжлэх бол гэж хүлээж сууснаас нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж яваад л дуусна даа. Би ч яахав, хар хятадын шунал, хар тангадын хараалд давхар давхар нэрвэгдсэн Монгол орон хөөрхий байна гээд шүүрс алджээ.

Хялуу Сүх,

- Төрийн эрхэт, түмний эзэн Богдтон юуг санаж сэтгэж суудаг юм бол доо хэмээн санаашрангуй өгүүлсэнд Гоорин Дашийн хамар тачигнаж,

- Хнн, тэр харь төвд монгол түмний тусын тулд сэтгэл чилээх нь юу л бол. Үхэр жил /1913 он/ бидний монгол цэрэг Шандын шар тал хүрээд, хүнс хоол тасарч, араас дэм тус хүссэнд, “Ар гэрээсээ хоол нэхэн хашхирдаг нь аргамгийнхаа сайныг унаад, агсах буугаа үүрээд, алс нутагт очсон ардаг залуу эрчүүдийн явдал мөн үү? Өвөр нутагт өрлөх малгүй болоо юу? Гурантын хөндий гурилаар дутаа юу? Буутын шиндий будаагаар тасраа юу?” гэж тавлаад элчсийг буцааж л байсан юм даа. Биднийг буудах сумгүй хоосон буугаа барин сумны өөдөөс дэмий хашхиран зогсож байхад, өмсөх хувцасгүй нүцгэн шагай дөрөөндөө холгогдон эвэршчихээд явахад, хөхөө өвлийн хүйтнээр харуулын цэргүүдийн дунд ганц гуталтай, харуулд гарсан нь тэр гутлаа өмсөн зогсож байхад тэр сохор төвд хэдэн хошуу дамнуулан сайхан хүүхэн хайлгаж, алс газрын самж, аварга могой, нугасан хошуутай заанд бум бумаар нь мөнгө зоос цацаж л явсан. Аргагүйн эрхэнд бид хар хятадад талхиулаад хоосорсон өвөрлөгч монгол түмнээ нэрмээд сүүлчийнх нь ганц төлгийг ч дээрэмдэн авахдаа хүрч байв. Ядахдаа алтаа бодохдоо авдраа бодохын адил хаан ширээ, ямба сөлхөө бодохдоо цэрэг эрсээ сумаар ч болов тэтгэх ухаан дутсан хүнээс юу горьдох вэ дээ гэжээ.

/1919 оны намрын сүүлээр болсон яриа. Удалгүй хятадын хар цэрэг хүрээнд орж ирээд, монгол цэргийн буу зэвсгийг хурааж, Богд хааныг хятадын ерөнхийлөгчийн зурагны өмнө сөхрүүлж, Манлайбаатар шоронд босоогоороо нас барсан явдал болсон./

Тэр дээр хэлж байснаараа 1919 оны сүүлээр Хантайшираас Сэлэнгэ рүү зориод, сураг тасарсан. Зам зууртаа эндэв үү, хар цэрэгтэй тулж яваад тэнэсэн суманд оногдов уу, мэдэхгүй. 1921 оны 3 сарын Хиагтын тулаанд илд хурайлаад давхиж явсан ч байж мэднэ. Юутай ч түүнийг эр цэргийн ёсоор эрсэдсэн гэдэгт үл эргэлзэнэ.

ХАЛЗАН ДАМБЫН НУЛИМС...

Хэдий шарх нь бүрэн аниагүй ч тийм хэл авсан хойно Халзан Дамба хэрхэн сууж тэвчих билээ. Шүд зуун мордож давхисаар шөнө дунд Тавантолгойн шил хүрэв. Гэвч Тарган Баярт хэдийн хийдгээ хийчихсэн байлаа. Гар нь хүлэгтэйгээ ороод ирсэн Цоохор Анандыг элдэвлэж элдэвлэж, заг улаан цай хоёрыг зэрэглэж байгаад амьдаар нь шатаачихжээ.

Цоохор Анандаас тэр гэх тэмдэггүй болтлоо шатаж түлэгдсэн цогцос л үлджээ. Халзан Дамба түүний хажууд сөхөрч суугаад енгэнүүлэн уйлжээ. Нэг мэдэхнээ нь үүр цайж байв. Анандынхаа цогцсыг ийм хагас дутуу эрэмдэг орхимгүй байлаа. Заг нэмж овоолоод цогцсыг нь бүрэн хайлуулав. Тэр завсар Хар заг руу ухасхийж, нууц газруудаа үзвэл тавын гурвыг нь олж аваад явчихжээ. Цай, буу зэвсгийг тараан нуусан нь хэрэг болжээ. Үлдсэн хоёр хэсэг ачаанд цай ч, буу зэвсэг ч байв. Тарган Баярттай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахад нь хэрэг болох зүйлсийг цуглууллаа. Зуун сумтай сэлээдий нэг, бирдаан буу хоёрыг, нэг торх хар дарь авчээ.

Анандын чандрыг хөрөхөөр нь цамцандаа боож аваад, мориндоо нэг хунз цай хуваан тохож, дарьтай торхоо тэврэн, буунуудаа үүрсээр буцаж иржээ. Цоохор Ананд зүрхэндээ эрхий хуруун чинээн ястай байсан юм гэнэ билээ, цогцсыг нь хайлахад тэр яс шаталгүй үлдсэнийг Халзан Дамба авч, Хар Азаргад байх Догшид тэнгэрийн тахилгат Хүүхэн Хутагтын овоонд өргөсөн юм гэнэ билээ гэсэн домог хожмоо яригдах болно.

Харин чандрыг нь Маралбаастын оройд хүргэсэн билээ. Цоохор Анандыг шатаасан газар гэгдэх нэгэн дардасны ул мөр өнөө Олонбулангийн Загийн шанаанд бий.

ЦАГААН БОРОО роман...

Бамбарууш, Бүжин хоёр нарыг гүйцсэн нь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!