Бамбарууш, Бүжин хоёр нарыг гүйцсэн нь

Багахан хүнс базааж аваад
Бамбарууш бүжин хоёр найз
Бартаат замд гарав гэнэ
Үдэш бүхэн баруун уулын цаагуур ордог
Улаахан наран
Өглөө болохоор харин
Өөр зүгээс гарч ирэхийн учир юу вэ? …
Наран авхайг хаана хүрдэгийг үзэхээр
Манай хоёр баатар алхаж яваа юм
Маргааш болохоос өмнө нарыг гүйцнэ гэж
Магад хоёул найдаж яваа
Үд болоход хоёул алжааж
Үдлэж суугаад амсхийж гэнэ
Хоёул жаахан наадаж амарч аваад
Холын аянаа үргэлжлүүлжээ
Өндөр уулыг давж
Өргөн талыг туулаад
Өтгөн ойд хүрэв
Нарны хурц гэрэл ой шугуйг бүхэлд нь гийгүүлжээ
Бүжин:
“Нар шингэх яагаа ч үгүй байна
Найзаа хоёулаа жаахан зугаалъя
Навчин дороо нуугдсан амтат гүзээлзгэнэ
Нарийн хушинд ургасан боргоцоот самар түүе
Нарны гэрт очихдоо түүнийг ч бас дайлья” гэж бүлтгэр бүжин өгүүлэв.
Бамбарууш найз нь даруй зөвшөөрч
Баяртай нь аргагүй ажилдаа оржээ
Шигүү ой нь бүрэнхийд эзлэгдмэгц
Сая сэхээ авч бамбарууш :
“Ойн гүнд эрт харанхуй болдог юм
Одоо хоёулаа явья” гээд ойгоос гарахаар яарлаа.
Яван явсаар ой улам өтгөрч
Ядарч цуцсан хоёр найз төөрч орхижээ
Бүжин:
“Одоо хоёулаа яах вэ?
Ойгоос яаж гарах вэ?
Наранд очиж амжаагүй байтал
Нар шингэчихвэл яадаг хэрэг вэ?” гэж бүлтгэр бүжин өгүүлэв.
Тийн явсаар тэртээ дээр үзүүр нь цойлсон
Өндөр модонд тулж очжээ
Модны оройд ихийг мэдэгч
Шар шувуу өвөө сууж байлаа
Бамбарууш:
“Шар шувуу өвөө, шар шувуу өвөө
Балар өтгөн ойгоос хэрхэн гарах вэ?
Баруун уулын цаагуур орсон
Наранд яаж очих вэ?” гэж бондгорхон бамбарууш асуужээ.
Шар шувуу:
“Наранд очих гэнэ ээ?
Гэнэн балчир хүүхдүүд минь
Наранд очсон амьтан
Манай дэлхий дээр байхгүй
Нар гэдэг чинь аварга том гариг
Манай дэлхий түүнийг тойрон эргэж байдаг
Зүүнээс мандахдаа
Элч гэрлээрээ биднийг гийгүүлж
Баруун зүгт жаргахдаа
Дэлхийн нөгөө талыг
Гэрэлтүүлэн гийгүүлдэг
Зуны сунагар өдрүүдийн
Хамгийн урт нь
Зургаан сарын хорин хоёрон шүү
Хуанлийн хуудасны
Ганц энэ өдөр
Хорвоогийн хамгийн урт өдөр юм гэнэ лээ
Нар энэ өдөр жаргахгүй уддаг юм
Цаашилж байгаа нь тэр юм гэнэ лээ
Цас мөсний улирал ойртож байгаагийн шинж юм
Бөмбөрцөг дэлхийн
Баруун зүүн талд
Өдөр шөнө ээлжилдэг шиг
Өвөл зун нарны тусгалаар солигдоно
Өвлийн урт шөнүүдээс
Хамгийн урт нь
Арван хоёрдугаар сарын хорин хоёрон шүү
Нарт ертөнцийн ганцхан тэр өдөр л харин
Наран мандахдаа хойрго байдаг юм.
Наашилж байгаа нь тэр юм шүү
Манай дэлхийд ойртож яваа юм шүү
Наран авхайн холдож ойртох энэ зөрөг
Нарлаг Монгол орны улирлын хэмнэл
Аа харин,
Балар ойгоос гарахын тулд
Маргаашийн наран мандахыг хүлээ
Манайд орж амарцгаа даа” гэж шар шувуу өвөө сургаалиа айлджээ.
Мандах нарны улаан туяа
Магад харанхуйг үргээнэ
Наран авхайд хүрээгүй ч
Мандаж жаргадгийн учрыг ойлгосон
Манай хоёр баатар
Мандах нарнаар гэрийн зүг гарч
Энэ бүхний учрыг
Эртэлж найзууддаа ярихаар яарлаа.

Гоорин Даш
Шинэ жилийн гацуур
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!